ОСНАА-Н САЛБАРЫНХАН САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО
2017-03-23 08:31:17

БХБЯ-аас зохион байгуулагдсан " Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг “Барилгын хөгжлийн төв”-д 2017 оны 03 сарын 15-нд болж өнгөрлөө. Хэлэлцүүлгийг БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, тус яамны НААБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Лхагвацэдэн нар удирдаж аймаг, нийслэлийн Сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөл, Нийслэлийн болон зарим аймгийн удирдлагууд, ОСНАА-н салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн төлөөллүүд, ОСНААМХ ТББ-ын  гишүүдийн төлөөллүүд оролцож санал бодлоо солилцов. Тус хэлэлцүүлэгт ОСНААМХ ТББ Гүйцэтгэх захирал Б.Туяажаргал оролцож “Орон сууцны мэргэжлийн байгууллагын бодлого зохицуулалт, СӨХ-ОСНАА-н үйл ажиллагааны харьцуулалт, хэрэглэгчдийн сэтгэл ханамж” сэдвээр илтгэл тавилаа.

       ОСНААМХ ТББ-ын зүгээс ОСНАА-н салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагуудын өнөөгийн байдал, тулгараад буй асуудлууд, хууль эрх зүйн орчин, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, гарц шийдлийг танилцуулж,

  • Дундын өмчлөлийн түгээх шугамыг мэргэжлийн байгууллагад эзэмшүүлэх
  • Дундын өмчлөлийн хэрэглээний үнэ тарифыг баталгаажуулж өгөх
  • СӨХ-ОСНАА-н уялдаа холбоо, зааг ялгааг тодорхой хуульчиж өгөх зэрэг саналуудыг дэвшүүллээ.

Мөн СӨХ-ын төлөөллүүд хуулийн хэрэгжилтийг хангах, хууль эрх зүйн орчноо сайжруулах талаар дараах асуудлуудыг дэвшүүллээ. Үүнд:

  • Хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д СӨХ-ны гүйцэтгэх захиралд сонгох хүнд барилгын салбарт 5-аас доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, 60 хүртэлх насны хүнийг сонгохоор тодорхой заалт оруулах.
  •  Дүүргийн зүгээс СӨХ-дод хуулийг таниулах сургалтыг тодорхой давтамжтай явуулж байх.
  •  СӨХ-ны үйлчилгээний нэр төрөл, төлбөрийн хэмжээг хянаж, батлах байгууллагыг тодорхой зааж өгөх.
  • Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний энэ чиглэлийн өргөдөл гомдлыг бүрэн барагдуулах, инженерийн шугам сүлжээний ашиглалтын хугацааг уртасгах, мэргэжлийн байгууллага, СӨХ-ны уялдаа холбоог сайжруулахад тэдгээрийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчинг яаралтай сайжруулах шаардлагатай зэрэг асуудлуудыг хөндөн тавьлаа.

 

 

Хуанли


Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Санал хүсэлт
Төлөв НийтШийд вэрлэ сэн